my ideas
Хэлэх хэрэггүй олон үгийг урсгаж
Хэрүүл зодоон эхлүүлж явсан миний омголон залуу насан
Хэзээ ч гудайхгүй гэж сэхүүн явсан, туулж бараагүй миний залуу насан
Чингисийн үр сад болж явсан ч, Чойномын шунхан улаан залуу нас байсангүй ээ
Зоригоор, залуу насаар ир, бяр хийж туучиж явсан залуу насны минь хөлд
Талын, уулын шүүдэр газарт бууж, өвс ногоог налуулж явсан ул мөр хатаж арилаад байхад
Танхилхан гүйж явсан хөл нүцгэн зам маань таяг тулж дуусах хувь заяаг надад дуудаж дээ
Таана хүмүүлийн үнэртэй салхиар сэтгэл дүүрэн амьсгалж явсан уушги, тамхи янжуурын утаанд хордсоор, хатаж хорчийж үлдэж дээ
Ойчиж бараагүй халуун цайг томхон балгаад түлэгдэж
Огил харайж явсан яруухан залуу нас минь
Он цагийн уртад, үргэсэн тахийн туурай шиг л тачигнаад алга болж дээ
Намар намрын сүүлээр цасан бударч эхлэхэд
Нар ээсэн шаргал өдрүүдийн дунд
Нутгийн минь цал буурал оройтой уулс
Алсаас, ангасан говийн дундаас
Сүр бараатай харагддаг шиг
Сайхан залуу нас минь
Санчиг-ний мини үсэнд буурал суух үеэр үгүйлэгдэх юм даа
Хүн гэдэг амьтан намар цагт л өтөлдөг шигээ?
Хүсэл хайр нь гал халуун хэвээр ч бие нь
Хөрөн хөрсөөр үхдэг шигээ..
Эвийлж хөөрхийлүүлж яваагүй ч
Эвдэрч муудсан зангүй
Эрхэлж тунирхаж яваагүй ч
Эргэх хорвоогийн өдрүүдэд жаргаж үзсэн залуу насаа би чамайг
Шөнө оройд нойр хулжин түүдгийн галд түлээ нэмж суухдаа
Тэр л түлээтэй хамт шатаж байсныг нь мэдсэнгүй явжээ
Шүлэг дуу болон чи надаас хожим нь харин үлдэж хоцроорой
Шуналтайгаар өдөр хоногийг цаг минутыг би авч амьдрахдаа
Буцааж өгч болохгүйг нь мэдсэнгүй явжээ
Буурал-хан хорвоо минь өршөө намайг,
Булгилах зүрхний минь ховдол цусаар дүүрэн байхад
Булбарай хайрт амрагийнхаа нэрийг марттал зөнөөгүй байхад
Би ямар өтөлсөн болохоос үхсэн биш гэж, би амьдарсаар л байх болно оо
Эгэл өдрүүдийг тоолон элээж
Эрхгүй нэг амьд зовлого л байхгүй ээ би
Амьдарсан шиг амьдарч
Алдаж онож, зөвийг нь олж
Алдар нэрээ би баастаж, бас бадрааж явнам залуухан халуухан нас минь ээ
Нийт 1280 удаа уншигдсан | 2 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих